миний бас таны : монгол хөрөг зураг

монгол хөрөг зураг

Монгол хөрөг зураг.

Монголын уран зураг өнө эртний уламжлалтай билээ. Төв Азийн нутагт нэн эртнээс өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн түүх соёлын арвин их дурсгалт зүйлсээс үүнийг харж болно. Уран зураг нь манай уламжлалт дүрслэх урлагийн дотроос хамгийн эрт үеэс хөгжиж ирсэн нэгэн төрөл юм. Харин хөрөг зургийн хувьд монгол уран зургийн нэгэн салбар хэсэг бөгөөд мөн л түүхийн тодорхой цагт өөрийн гэсэн хэв маягаа олж хөгжсөөр өнөөг хүргэжээ.

Эртний улсуудын үеийн хөрөг зураг.

Төв Азийн нүүдэлчдийн анхны их гүрэн Хүннү улсын соёл хүрлийн үеэс уламжлагдан хөгжжээ. Нүүдэлчдийн тэрхүү их гүрэнд гар урлал, тэр дундаа зурах, дүрслэх урлаг муугүй хөгжиж байжээ. Тэр үед оёх хатгах, зээгт наамал зэрэг гар урлал болон алт, мөнгө, үнэт чулуугаар урлах урлал амжилттай хөгжиж байсан нь уран зургийн ямар хөгжилтэй байсныг харуулндаг. Тэд араатан жигүүүртний тэмцэл, тулалдааныг чадмаг дүрсэлсэн байдгийн зэрэгцээ хаад ноёдын хөргийг хатгаж урласан байдаг. Хүннү гүрний дараах Сямьби, Тоба-Вэй, Нирун улсын үеэс үлдсэн зураг урлалын тухай зүйлсийн тухай мэдээ хараахн хомс байдаг

Харин VI зууны дунд үеэс байгуулагдсан түрэгийн хаант улсын соёлын дурсгал нэлээд судлагджээ. Уран зургийн хувьд гэвэл байшин барилгын хана туургыг нүүдэлчдийн дуртай улаан, цагаан, хөх гэх мэт өнгөөр будаж, хээ угалз тавьж, гурвалжин, дөрвөлжин хэлбэрийн төрөл бүрийн дүрсийг зурдаг байснаас үзвэл ханын зураг зэрэг монументаль хэлбэрийн уран зураг, хөрөг зургийн уралг хөгжиж байсныг гэрчилнэ. Түргүүдийн хүн оршуулах ёслолын тухай Сүйшү-д дурдсанаар шарилдаа модон байшин барьж дотор талд нм талийгаачийн дүр, амьд ахуйдаа үйлдсэн дайн тулалдааны эрэлхэг, баатарлаг явдлыг дүрсэлсэн байсан тухай дурджээ.

Уйгарын хаант улсын үеийн уран зургийн нэгэн дурсгал болТурфаны ханын зураг юм. Энэхүү ханын зургийн хуулбар нь одоо Монголын дүрслэх урлагийн музейд байдаг. Уйгарын үеийн язгууртны хөрөг зургийг уран зураасаар хөвөөлөн зурж, тод нарийн зураасаар хүний нүд хөмсөг зэргийг тодруулан цэцгэн хээтэй үсний хавчаар, хувцас хунарын үнэт чулуун чимэг, хээ хуарыг шаглан зурсан байдаг. Энэ үеийн уран зургийн нэг бол 1948 онд Орос Монголын шинжилгээний анги Хар-Хорум хотын туурийг малтахад олдсон бурханы шашны болон хаад язгууртны сэдэвтэй ханын зургийн зарим хэсэг юм. Энэ үед монгол урчуудаас гадна Төвд, Уйгар, Хятад урчуудыг авчирч зураг урлалын ажил хийлгэдэг байжээ.

Хятан гүрний үед уран зураг өмнөх үеийнхээс ихэд хөгжиж байжээ. Уран зураг түүхэн үйл явдал, түүхт хүний хөрөг, гоёл чимэглэлийн зураг зэрэг олон төрөл хэлбэрээр хөгжиж байв. Энэ үед Нанхиад, Төвд, Гуулин, Жагар зэрэг гадаад улс орнуудтай соёлын харилцаа хөгжиж, бурханы зураг, хөрөг ном судар солилцож байсан. Хятаны үеийн гол дурсгалуудын нэг бол Өвөрмонголын Баарин аймгийн нутаг цагаан сувраганы ойролцоо орших хаадын гурван бунхан юм. [1023-1035] энэ бунханыг 1932 онд Японы Киотогийн их сургуулийн профессор Изүцо Тамуро, Юкио Камаши нар судалж, 1953 онд дэлгэрэнгүй илтгэл хэвлүүлсэн байдаг. Энэ олдсорт нийтдээ 71 хүний хөрөг байгаагаас булшны дотор талд байгаа 56 хүний өөр өөр бодьгал шинжийг маш чадмаг гаргаж, зорчих замын хонгилд зурсан 15 хүнийг хоорондоо ижил төсөөтэй дүрсэлсэн байна. Ордны түшмэд, цэргийн эрхтэн, энгийн иргэдийг өндөр нам, тарган туранхай янз бүрийн байдлаар зурахдаа гол төлөв жишүдүү өмнөөс нь харсан, ямар нэгэн юм барьсан хоёр гараа энгэр зүрхэндээ байрлуулсан бөгөөд тэдний онцлог байдал нь: өргөн магнайтай, шанааны яс нь мэдэгдэхүйц түнтийсэн, үл мэдэг босоодуу жийхгар нарийн нүдэнд монгол үрчлээс тодорсон, намхан хамрын хоёр гэдэс угалзыг гүн зураасаар тодруулж, зузаан уруулаа чанга жимиийсэн, нүгдгэр бүдүүн хүзүүтэй байгаа зэрэг дүр байдал жинхэнэ Хятанчуудын нийтлэг дүр мөний дээр эдүгээгийн Азийн үндэстэн чстнуудын дотроос монголжуу гэж танигдахаар зурсан байна. Эдгээр хөргийг цайвар саарал дэвсгэр дээр бор хүрнээр нүүрийг товоймолбайдалтай ялгаж, дээлхийг голдуу ногоон бор өнгөөр шингэн гүйлгэн будаж,элэг нэхий мэт материаллаг болгож, түүн дээрээ хар, хүрэн, бүдүүн, нарийн зоримог зураасаар хүч оруулан зурахдаа нүүр цара, гарын зураасны гадуур улаан өнгийн зураасаар давхар дагнаас тавьсан нь дүрсийг товойлгох оролдлого гэж бодогдмоор бойдаг. Хятаны үе бол Монголын түүх түүний дотор монголын уран зургийн хөгжилтэй салшгүй холбоотой чухал үе юм.

Монголын эзэнт гүрний үеийн Монгол хөрөг зураг.

XIII зуунаас монголын нэгдсэн төр улс байгуулагдаж., энэ үеэс монголын уран зургийн хөгжлийг илүү тодорхой харах боломжтой болжээ. XIII-XIV зууны үед монголын уран зурагт хөргийн урлаг, мөн номын миниатюр ихэд хөгжиж байсныг Рашид Ад Дины “судрын чуулган” гэх мэт томоохон зохиол бүтээлд дурдсанаар таамаглаж болно. Хөрөг зураг энэ үеийн уран зургийн томоохон төрл байв. Бээжин хотод өвгөдийн тахилгын сүмд хадгалагдаж байсан Юань гүрний их хаад, хатдын хөрөг зургууд урьд Кидан гүрний үед хөгжиж байсан хөрөг зургийн уламжлалын үргэлжлэл болсон төв Азийн нөлөөтэй холбоотой гэж үзэж болно. Монгол хөрөг зургийн өөр нэг сонирхолтой жишээ бол Өвөрмонголын түүхч Сайшаалын “Чингис хааны товчоон” номонд дурдсан Цэ Хуан гэдэг хүний хойчоос 1953 онд олдсон Чингис хааны хөргийн тухай зүйл юм. Тэнд энэ хөргийг юань улсын үеийн ордны зураач Хорихосон гэдэг хүн зурсан бөгөөд Юань улсын тайлага тахилгын тэмдэглэлд 1278 оны 11 дүгээр сард Тайзугийн гэгээн дүрийг зурах зарлигийг Хорихосонд тушаав” гэж дурдаад, “Цэ Хуаны хадгалалтыг олдохоос өмнө уламжилж байсан Чингис хааны хөрөг бол Манжийн хааны ордны Нан Сион Диан харшийн хуучин хадгаламж болно. Тэнд эртний хаад хатад , богд мэргэд, алдарт сайд түшмэд таван зуугаад хөрөг цөм 59.4 х 47 см хэмжээний өрмөг нэхмэл дээр өнгө ялган зурсан цээжин хөрөг юм. Эдгээр хөрөг цөм адил хэмжээтэй байхыг үзвэл бүр Мин улсын үеийн зураачид иш хөрөгнөөс хуулбарлан зурсан хөрөг бололтой” гэжээ.

Өгөөдэй хааныг намхан оройтой овоодой хэлбэрийн үстэй Монгол малгай сагалдаргалж Хятан маягийн гол руугаа уулзсан дөрвөлжин захтай дээлтэй, өргөн шанааиай, үзүүрий нь гоёмсог засаж эргүүлсэн ширвээ хар сахалтай, жийхгар, босоо нүдтэй бүх шинжээрээ Монгол маягийн царайтай зуржээ.

Хубилай хаан бусдыг бодвол өмнөд монголжуу царайтай, ташуу энгэртэй дээлтэй, Ринчинбал хааныг дөрөв талласан пөмбөгөр оройтой цан хэлбэрийн малгайтай, голоороо оёдолтой, ташуу захтай монгол дээлтэй, 6-7 настай хан хөвүүний байдлаар зуржээ. Эдгээр хөрөг тэр их гүрний хаад гэхэд ямар ч тансаг баян зүүлт чимэггүй, маш энгийн даруу намбатай байдалтай, хүний царай дүр гаргасаны хувьд жинхэнэ хөргийн урлагийг илтгэжээ. Хатдын хөргийг харахад өндөр оройтой, өд отготой богтох хэмээх хүрэн улаан өнгийн малгай дээр энд тэнд сувдан чимэг хадсан мөн сувдан ээмэг болоод гурван салаа сувдан унжлагах оёр санчиг руугаа унжуулсан байна. Ийм зүүлт чимэг хүрлийн үеэс хх зууны эхэн хүртэл монголчуудын дунд тасралтгүй уламжилж иржээ.

XV-XVI үеийн уран зургийн дурсгал бол Алан хаанаас Мин улсын хаанд явуулсан захидалын хавсралт зураг юм. Уг зурагт Түмэд нутгаас бээжин орох замд тохиолдох хот орон, хэрэм гүүр, байшин барилга зэргийг өгүүлэн зурж, Алтан хаан тжжний хатан, шадар хүмүүс болон өргөө ордны хөгжимчин зэргийг бодит байдлаар дүрслэн үзүүлсэн байдаг энэ зураг эдүгээ Бээжин хотын номын санд хадгалагдаж байгаа.

XVII зуун бол монголын дүрслэх урлагийн эрчимтэй хөгжлийн үе юм. Энэ үед дүрслэх урлаг, уран зураг, уран барилга, гар урлал цэцэглэн хөгжиж байлаа. Монголд дэлгэрсэн бурханы шашин Энэтхэг, Төвдийн шашны урлагийн уламжлалын нөлөөг монголын нутагт авчирсан нь манай дүрслэх урлагийн хөгжилд чухал түлхэц болжээ. Ялангуяа энэ үед зураг урлалын холбогдолтой эртний Энэтхэг зэрэг орны ном шастар ихэд дэлгэрчээ. Энэ үеийн алдарт зураач бол Гомбодоржийн Занабазар юм. Өндөр гэгээн Г. Занабазар зураачийн хувьд “эх Ханджамц”, “багш Лувсан Чойжижалцан”, “өөрийн хөрөг” зэрэг олон хөрөг бүтээсэн байдаг. Энэ үеийн хөрөг зургийн жишээнд Автай сайн хааны хөрөг, эдүгээ дүрслэх урлагийн музейд байгаа богд Зонховагийн намтрыг үзүүлсэн хөрөг зэрэг монгол хөрөг зургийн бүтээлүүдийг дурдаж болно. Бурханы зураг хөрөг бүтээх тиг горимд зааснаар бурхан дүрслэлд алга дарам, хуруу зэргээр биеийн хэмжээг тодорхой заасан олон хэмжээ байсан ажээ. Энэ тухай доктор С. Лувсанвандангийн нийтлүүлсэн “Ер хүний сайн муу элдвийн шинжийн судрын тухай” өгүүлэлд хүний биеийн харьцаа, дүр төрх, шинжийн тухай сонийрхолтой бичсэн байдаг. Хүний царай дүр зурахдаа зөвхөн харьцаа хэмжээ, тиг зураасаар хязгаарлахгүй, билиг чанарыг бас эрхэмлэдэг байлаа. Жишээлбэл хүний царай арьсны өнгийг хир тоос үл халдагч, бадрангуй гэрэлтэй, үүлнээс хагацсан саран мэт үлэмж үзэсгэлэнтэй, өнгө гэрэл төгс төгөлдөр байна гэж үздэг байлаа. Хүний царайг гэрлийн мандал оршсоны жавхаагаар нүүр нь сар мэт цагаан гэрэлтэй, хөмсөг, хөүзүү, дух, үсний өнгө гүн сайхан хийгээд тос чийхарсан зөөлөн дүр өнгөтэй дүрслэхийг эрхэмлэнэ. Хүний хөргийг зурахдаа духны үрчлээ 5 байвал зуу наслах, 4 атриатай байвал 80 наслах, 2 атриатай бол 50 наслахыг илэрхийлнэ. Хүний нүдний зовхи хэт улаан бөгөөд бүлтгэр байвал өвчин эмгэгийн шинж, гурвалжин хийгээд дүгрэг байвал догшин хэрцгийн шинж ажээ. Хүний бэлхжжсийг гөрөөс хийгээд загасны сүүлтэй мэт нарийн үзэсгэлэнтэй зурвал зориг хатуужил, тэвчээр сайтай бөгөөд хүйс нь зөв эргэвэл төгс шинж. Энэ бүхнийг эрэгцүүлвэл Монгол зураачид хөрөг бүтээхдээ харьцаа хэмжээг зөв тааруулж, хүний дүр төрхийн онцлог, сэтгэл санааны баялгийг нээн илрүүлэх гоо зүйн аргыг боловсруулж мөрдлөг болгодог реалист хандлагатай байсан байна.

Орчин үеийн монголын хөрөг зураг.

ХХ зууны эхэн болоход монгол зураг нь бурхны зураг хөрөг, сэдэвт зураг, торгон зураг, нагтан,мартан зэрэг олон олон янзаар улаьжлан хөгжиж үндсэндээ өөрийн өвөрмөц арга барил, шинж тэмдгийг олсон. Энэ үед Монгол орон Манжийн дарлалаас чөлөөлөгдөн, зураач урчууд дан ганч шашин бурхны сэдвээс гадна ард түмний амьдрал ахуй, байгаль дэлхий, ан амьтан, адуу мал, хөрөг зургийн чөлөөт сэдвээр зурж урлах ажил дэлгэрчээ. Зураач сономцэрэн [1862-1941] түшээт хан Насанцогт, түүний эхнэр Ичинхорлоогийн дүрийг бодит байдлаар гурван хэмжээст орон зайд дүрсэлсэн байдаг. Энэ үеийн алдарт зураач бол Балдуугийн Шарав [1869-1939] юм. Тэрээр 1920-д оноос бурханы хөрөг, хаад ноёдын хөрөг зэргийг голлон зурдаг байсан бөгөөд “ногоон дара эх”, “Лувсандондов ламын хөрөг”, “Балдан Хачины хөрөг”, “наймдугаар богд Жавзандамба”: “Эх дагина Дондогдулам” зэрэг хөргийн бүтээлүүдийг туурвижээ. Энэ зургууддаа биетийн хэлбэрийг аль болох товойлгон гаргах гурван хэмжээст орон зайд урлах ухааныг гаргах зориолилго тавьсан нь тэр үедээ монгол уран зурагт гарсан цоо шинэ алхам байлаа.

1920-1930-аад оноос европын уран зургийн нөлөө аажмаар нэвтэрч уран зургийн орон зайн хэлбэр дүрсийн тухай ойлголт, шинэ материал эзэмшихийг зураачид эрмэлзэх болжээ.

1930-1940-өөд оны уран зурагт ардын хувьсгалын тухай болон түүхт хүмүүсийн дүрийг бүтээхэд гол анхаарлаа хандуулах болсон. Энэ үед зураач Д. Чойдогийн “партизан Мельников”, “партизан Мельников”, “партизан Бумцэнд”, Ү. Ядамсүрэнгийн “Д Сүхбаатар”, “жүжигчин Долгорсүрэн”, Л. Гаваагийн “Цаатан” зэрэг хөргийн олон битээлүүд гарчээ.

1950-1960-аад оны монголын уран зурагт ахуй амьдрал, байгаль, хөдөлмөрчин хүмүүсийн ажил үйлсийн тухай сэдэв зонхилж байв. Хөрөг зургийн хувьд Н. Цүлтэмийн “Цагааны Цэвэгмид”, Жамсрангийн “монгол бүсгүй” зэрэг бүтээлийг дурдаж болно. Энэ үед зураачдыг социалист реализмийн арга тиг загвараар сэтгэж урлахыг шахаж шаардаж байсан явдал монголын уран зургийн чөлөөт хөгжлийг боогдуулахад хүргэж байв. Гэхдээ энэ үед уран зураг бүхэлдээ уналтад ороогүй бөгөөд 1970-1980-аад он зураач урчуудын хувьд шинэ арга барил, шинэ сэдэв, шинэ хөгжлийн чиглэл хандлагыг эзэмшиж байсан он жилүүд юм.

1980-аад оны сүүлчээс урлан уран бүтээл, уран зураг аливаа нэг намын үзэл суртлаас ангид өөрийн хөгжлийн зүй тогтлоор хөгжих ёстой гэдгийг ухаарч, мөн нийгмийн байгуулал өөрчлөгдөхийн хэрээр зураач урчууд өөрсдийн уран бүтээлийг чөлөөтэй туурвих зам нээгсэн нь уран зургийн хөгжлийн хувьд томоохон ололт байлаа. 1990-ээд оноос хойш манай зураачид бодит дүрслэлээс болзолт хэллэг рүү чиглэж өнгө, зохионмж, дүрслэлийн шинэ боломжийг эрэлхийлэх, сэтгэлгээний урлаг, модернист чиглэлийг нэлээд анхаарах болсон. чөлөөт сэтгэлгээ олон ургальч байдлын нөхцөлд зураач, урчууд янз бүрийн үзэл баримтлал, арга барил, дэг сургууль, урсгал чиглэлийг сонгон авч, уран бүтээлээ туурвих болж байгаа нь Монголын уран зураг урьдаас улам олон баялаг өнгө аястай болж, уламжлал шинэчлэлийн зүй тогтлын дагуу урагшлан хөгжих замыг нээж байна.

Зарим зураачдын хөрөг зургийн онцлогоос.

Үржингийн Ядамсүрэн.

Тэрээр 1941 оноос эхэлж том бага хэмжээний 50 гаруй хөрөг бүтээжээ хувьсгалы музейд ажиллаж байхдаа музейн захиалгаар хэд хэдэн хөрөг зурсан байдаг. Мөн хөрөг бүтээлийг жинхэнэ уран бүтээлийн хэмжээнд хүртэл зурж чадсан байна. Түүний хөргүүдийн дотор нам төрий удирдагч, ажилчин, малчин, сэхээтний олон дүрийг үзэж болно.

Түүний “Х. Чойбалсан”, “Д. Сүхбаатар” зэрэг хөргүүд өмнө үеийн энэ сэдвээр ажилласан зураачдын бүтээлээс нэлээд өвөрмөц юм. Түүний эдгээр хөртийнг хүртэл зураачдын зурсан нам төрийн удирдагч нарын хөрөг нь уламжлалт урлагийн бэлэгдэл, зүйрлэл зэрэгт тулгуурлан хөгжиж байсан баол Ү Ядамсүрэнгийн хөргүүд дотоод сэтгэл санааг уран сайхны дүрээр харуулснаараа онцлог юм. 1941 онд тэрээр Х Чойбалсангийн хөргийг чөлөөт бичлэгтэй энгийнээр бүтээжээ. Энэ хөрөгт оросын болон европ дахины реалист зургийн урлагийн арга барилын онцлог тодорхой мэдэгддэг билээ. Энэ нь өнгийн асуудлыг шийдсэн байдал, томруун арга ажиллагаа, өргөн тавилт зохиомжийг сонгон авсан зэрэг зүйлээр илэрч байна. Түүний хөрөг зургууд цаг үргэлж баяжиж байв. 1942 онд Д. Сүхбаатрын хөргийг зурсан байна. Тэр нь 40-өөд оны үед гарсан хөргийн урлагийн шилдэг нь байсан бөгөөд их жанжины хэв шинжит дүрийг уран сайхны хэмээр тодорхой илтгэж чадсан учир төрийн шагнал олгожээ. Уул хөргийг тосон будгийн аргаар бүтээхдээ монгол зургийн уламжлалт аргатай хослуулжээ. Энд түүний төрх байдлыг үнэн зөв тусгасан төдийгүй үзэл санааг илэрхийлж уран сайхны дүрийг бүтээжээ. Тэрээр эдгээр хөргүүдээс гадна “малчин”, “малчин эмэгтэй”, “өвгөн хуурч” зэрэг олон хөрөг зурсан билээ.

Очирын Цэвэгжав.

О. Цэвэгжав социалист монголын шинэ хүн, малчин, ажилчин, сэхээтэн олон хүний бодьгал дүрийг харуулсан хөрөг зурсан юм. Үүнд саальчин “Хомбоодой”, “зураач Д. Чойдог”, “гавьяат хөгжимчин Жамбал”, “ерөөлч Жигмэд”, “ард аюуш”, “хөдөлмөрийн баатар Бямбацогт”, “тракторч Цоодол” зэрэг олныг нэрлэж болно. Хөрөг бүтээлийнхээ заримыг тэдний эрхэлсэн ажил хөдөлмөртэй нь холбон дүрийг илэрхийлсэн байна. Эдгээрт дүрийн хувьсал хөгжлийг ямар нэг хэмжээгээр тусгасан байдаг. Хөргүүдэд шинэ хүнийг дүрсэлсэн хандлага нийтлэг боловч шийдсэн зохиомжийн хувьд ялгаа бий. Ялангуяа хөдөлмөрийн хүний дүр төрхийг хөгжил хөдөлгөөн, амьдрал тэмцэл дунд нм дүрсэлж байснаараа онцлог билээ.

Балдуугийн Шарав.

Б. Шарав анх бурхны хөрөг зурдаг байснаа сүүлдээ бодит хүний хөрөг зурах болсон учир өмнө зурж байсан зургийнхаа зохиомжийг шинэ утга агуулгаар баяжуулан тохируулан хэрэглэсэн нь түүний хөрөг бүтээлийн нэг онцлог юм. Нөгөө талаар бодит хүний хөргийг зурахдаа дагнаастай зурж байсан нь эргээд шашин домгийн сэдэвт зургийг эзлэхүүнтэй зурахад нөлөөлсөн байна. Энэ мэтээр харилцан шүтэлцсэн баяжуулалт хийсэн байдаг. Манай зураачид шашин домгийн сэдэвт бурхны хөрөгт гол дүрсээ томоор авч, туслах зүйлийг дэргэдүүр нь жижгээр зурж ирсэн бөгөөд жижиг дүрсүүд нь гол дүрсийнхээ утга санааг аль болох төгс илэрхийлэхэд туслах үүрэгтэй байдгаас гадна гол дүрсээ цохихгүйгээр гол дүрс туслах дүрсийн нэгдлийг нарийн уялдаа холбоотой уран шийдсэн байна. Б. Шарав тэр нэгдлийг анхаарч хүний хөргийг зурахдаа гол дүрс дээр голлон ажиллаж ирсэн байдаг. Энэ онцлог түүний зурсан “богд”, “Эх дагина” хөрөг бүтээлүүдэд илэрч байна. Сүүлдээ уран сайхны боловсруулалтыг улам эрхэмлэж “Балдан хачин” зэрэг хөргийг зурахдаа туслах зүйлийг орхиж зөвхөн гол дүрс дээрээ тогтон ажилласан байдаг. Энэ шинэчлэлт хүний дотоод сэтгэлгээгээр уран сайхны дүрийг илэрхийлэх тухайд шин зарчмыг тавьж өгсөн хэрэг байлаа. Учир нь туслах зүйл уг бүтээлийн агуулгыг илэрхийлэхэд чухал үүрэгтэй байсан атал Шарав зарим зурагтаа түүнийг огт хэрэглээгүй нь зөвхөн дүрээр дамжуулан сэтгэлгээг ойлгох болгосон хэрэг юм. тэр хөрөг бүтээлдээ хүний зан чанарын өвөрмөц байдлыг анхаарч ирсэн бөгөөд түүний зурсан энэ төрлийн бүтээлүүд өөр өөр дүртэй байдаг. Түүний хөрөг бүтээлүүдэд нэг өнгийн тоноор эзлэхүүнийг чадамгай шийдэж чаддаг, бөс даавууны нугалаа атирааг уран гаргадаг биет юмсын бодит чанарыг үзүүлдэг зэрэг онцлог бий. Тэрээр хөрөг зургийг хүнээс харж зурж байлаа. Тэр амьдралыг бүтээлч хүний билгийн нүдээр харж, уран сайхнаар дүрсэлж чаддаг зураач байсан тул хойч үедээ үлгэр дууриал, бахархал болсон байна.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Цэйка (зочин)

Баярлалаа, аятайхан нийтлэл болжээ. Харин зарим нэг зургийг хавсаргавал илүү тодорхой болох байх аа. Тухайлбал: 1953 онд олдсон Юань улсын үеийн ордны зураач Хорихосон гэгчийн бүтээсэн гэх тэрхүү хөргүүдийн зургийг давхар нийтлэвэл илүү ойлгомжтой болно шүү дээ.кк, аа тийм үг үсгийн алдаа бага сага ажиглагдана лээ. Ямартай ч дахин баярлалаа. Шүүмжлэх гэсэнгүй э,зүгээр л хэлсийн, хэрэг болж магад.

Зочин

41

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)